ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

1. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Энэхүү үйлчилгээний нөхцөл (цаашид “Нөхцөл” гэх) нь Мандуул платформыг хөгжүүлж, ажиллуулж буй хуулийн этгээд (цаашид “Үйлчилгээ эрхлэгч” гэх)-ийн “Мандуул” дижитал платформ (цаашид “Мандуул платформ” гэх), түүний вэб систем болон гар утасны аппликейшнийг (цаашид хамтад нь “Платформ” гэх) ашиглахтай холбоотойгоор хэрэглэгч болон Үйлчилгээ эрхлэгчийн хооронд үүсэх эрх, үүрэг, хариуцлагыг зохицуулна.

1.2. Хэрэглэгч Мандуул платформд бүртгүүлж, энэхүү Нөхцөлтэй танилцан “Зөвшөөрөх”, “Бүртгүүлэх”, “Үргэлжлүүлэх” зэрэг холбогдох товчийг дарсан тохиолдолд энэхүү Нөхцөлийг уншиж танилцсан, ойлгосон бөгөөд холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

1.3. Мандуул платформыг ашиглах явцад хэрэглэгчээс хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах шаардлагатай тохиолдолд Үйлчилгээ эрхлэгч нь Нууцлалын бодлого болон Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн үйл ажиллагаа явуулна.

1.4. Үйлчилгээ эрхлэгч нь үйлчилгээний цар хүрээ, технологийн шийдэл, аюулгүй байдал болон холбогдох хууль тогтоомжийн өөрчлөлттэй уялдуулан энэхүү Нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй.

1.5. Нөхцөлд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Мандуул платформ болон manduul.mn вэб сайтаар дамжуулан хэрэглэгчдэд мэдээлнэ. Өөрчлөлттэй танилцсаны дараа платформыг үргэлжлүүлэн ашигласан тохиолдолд шинэчилсэн Нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцож болно.

1.6. Хэрэглэгч шинэчилсэн Нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд Мандуул платформыг ашиглахаа зогсоох, холбогдох нөхцөлийн дагуу өөрийн бүртгэлийг хаалгах хүсэлт гаргах эрхтэй.

1.7. Мандуул платформ нь СӨХ, хотхон, оршин суугч болон холбогдох үйлчилгээ үзүүлэгчдийн хоорондын мэдээлэл, төлбөр тооцоо, харилцаа холбоо, удирдлагын үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулах технологийн платформ болно.

1.8. Мандуул платформ нь СӨХ, контор, үйлчилгээ үзүүлэгч, төлбөрийн байгууллага болон бусад байгууллагын өмнөөс хуульд заасан эрх хэмжээний хүрээнээс гадуур шийдвэр гаргах, баталгаа өгөх, тухайн байгууллагын өмнөөс хариуцлага хүлээхгүй.

2. НЭР ТОМЬЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ

Энэхүү Нөхцөлд дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:

“Мандуул платформ” гэж хотхон, орон сууцны барилга, СӨХ болон оршин суугчдын мэдээлэл, төлбөр тооцоо, харилцаа холбоо, хүсэлт, санал асуулга болон холбогдох үйлчилгээг цахим хэлбэрээр удирдах вэб систем, гар утасны аппликейшн болон тэдгээртэй холбоотой технологийн шийдлийг;

“Үйлчилгээ эрхлэгч” гэж Мандуул платформыг хөгжүүлж, ажиллуулж, техникийн болон технологийн үйлчилгээг хариуцаж буй хуулийн этгээдийг;

“Хэрэглэгч” гэж Мандуул платформд бүртгүүлж, вэб систем болон гар утасны аппликейшнээр дамжуулан үйлчилгээ авч буй иргэн, хуулийн этгээдийг;

“СӨХ” гэж тухайн орон сууцны хотхон, барилгын нийтийн эзэмшлийн талбай, дундын өмч хөрөнгө болон холбогдох үйл ажиллагааг хариуцан ажиллаж буй сууц өмчлөгчдийн холбоог;

“Оршин суугч” гэж тухайн хотхон, орон сууцны барилга, сууцанд оршин сууж байгаа болон Мандуул платформд холбогдох эрхээр бүртгэгдсэн хэрэглэгчийг;

“Платформын үйлчилгээ” гэж Мандуул платформоор дамжуулан үзүүлж буй СӨХ-ийн удирдлага, төлбөр тооцоо, мэдээлэл, санал хүсэлт, харилцаа холбоо, санал асуулга болон бусад холбогдох үйлчилгээг;

“Төлбөрийн мэдээлэл” гэж СӨХ, контор болон бусад холбогдох үйлчилгээний нэхэмжлэл, төлбөрийн үлдэгдэл, төлөлтийн мэдээлэл, төлсөн огноо, төлбөрийн дүн болон төлбөртэй холбоотой бусад мэдээллийг;

“Түнш байгууллага” гэж Мандуул платформтой хамтран ажиллаж, платформоор дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлж буй хуулийн этгээдийг;

“Хэрэглэгчийн контент” гэж хэрэглэгч Мандуул платформын чат, бүлэг, санал хүсэлт, санал асуулга болон бусад функцээр дамжуулан өөрийн хүсэлтээр оруулсан текст, зураг, файл болон бусад мэдээллийг;

“Аккаунт” гэж хэрэглэгчийг Мандуул платформд бүртгэх, таних болон үйлчилгээ ашиглах боломжийг олгох хэрэглэгчийн бүртгэлийг;

“Нууцлалын бодлого” гэж Мандуул платформ ашиглах явцад хэрэглэгчийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, хадгалах, хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулсан баримт бичгийг тус тус ойлгоно.

3. ХЭРЭГЛЭГЧИЙН ШААРДЛАГА БА БҮРТГЭЛ

3.1. Хэрэглэгч Мандуул платформд бүртгүүлэхдээ өөрийн мэдээллийг үнэн зөв, бүрэн оруулах үүрэгтэй.

3.2. Мандуул платформын тодорхой үйлчилгээг ашиглахын тулд хэрэглэгч гар утасны дугаар, цахим шуудан болон тухайн үйлчилгээнд шаардлагатай бусад мэдээллээр бүртгүүлж, баталгаажуулалт хийх шаардлагатай байж болно.

3.3. Тухайн хэрэглэгчийг тодорхой хотхон, байр, орц, давхар, тоот болон оршин суугчийн бүртгэлтэй холбох шаардлагатай тохиолдолд хэрэглэгчээс холбогдох мэдээллийг баталгаажуулахыг шаардаж болно.

3.4. Хэрэглэгч Мандуул платформд бүртгүүлэхдээ энэхүү Нөхцөл болон Нууцлалын бодлоготой танилцаж, холбогдох хэсгийг зөвшөөрсөн байна.

3.5. Хэрэглэгч өөрийн аккаунтын нэвтрэх мэдээлэл болон төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.

3.6. Хэрэглэгч өөрийн нэвтрэх мэдээллийг бусдад дамжуулсан, төхөөрөмжөө хамгаалаагүй, эсхүл өөрийн буруутай үйлдлийн улмаас аккаунттай холбоотой эрсдэл үүссэн тохиолдолд Үйлчилгээ эрхлэгчид нэн даруй мэдэгдэнэ.

3.7. Хэрэглэгчид дараах үйлдлийг хориглоно. Үүнд:

• Өөр этгээдийн мэдээллийг ашиглан бүртгэл үүсгэх;

• Бусдын аккаунт, нэвтрэх мэдээллийг зөвшөөрөлгүй ашиглах;

• Мандуул платформыг хууль бус зорилгоор ашиглах;

• Бусад хэрэглэгч, СӨХ, хуулийн этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчих;

• Бусдыг доромжлох, айлган сүрдүүлэх, заналхийлэх, залилан мэхлэх шинжтэй үйлдэл хийх;

• Бусдын хувийн болон нууц мэдээллийг зөвшөөрөлгүй нийтлэх, түгээх;

• Платформын хэвийн үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулах;

• Системийн эмзэг байдал, хамгаалалтын сул талыг зөвшөөрөлгүй ашиглах, турших;

• Мандуул платформын программ, өгөгдөл болон бусад хэсгийг зөвшөөрөлгүй хуулбарлах, өөрчлөх, задруулах;

• Энэхүү Нөхцөл, Нууцлалын бодлого болон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн бусад үйлдэл хийх.

3.8. Хэрэглэгч энэхүү Нөхцөлийг зөрчсөн тохиолдолд Үйлчилгээ эрхлэгч нь зөрчлийн шинж, нөхцөл байдлаас хамааран аккаунтын тодорхой үйлчилгээг хязгаарлах, түр түдгэлзүүлэх, хаах болон холбогдох контентыг устгах арга хэмжээ авч болно.

4. МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАЛ БА АЮУЛГҮЙ БАЙДАЛ

4.1. Хэрэглэгчийн хувийн мэдээллийг Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж болон Мандуул платформын Нууцлалын бодлогод нийцүүлэн цуглуулж, боловсруулж, ашиглаж, хамгаална.

4.2. Мандуул платформ нь хэрэглэгчийн мэдээллийг зөвхөн үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай зорилгоор болон хуульд заасан үндэслэлээр боловсруулна.

4.3. Мандуул платформын үйлчилгээ үзүүлэхтэй холбоотойгоор хэрэглэгчийн мэдээллийг тухайн СӨХ, контор, эрх бүхий ажилтан, холбогдох үйлчилгээ үзүүлэгч, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч болон хуульд заасан эрх бүхий байгууллагад шаардлагатай хэмжээнд дамжуулж болно.

4.4. Мэдээлэл дамжуулахдаа тухайн үйлчилгээний зорилгод шаардлагатай мэдээллийн хүрээг баримтална.

4.5. Хэрэглэгч өөрийн мэдээлэлтэй холбоотой хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх, мэдээллээ засуулах, тодорхой мэдээллийг устгуулах, зөвшөөрлөө буцаан татах болон гомдол, хүсэлт гаргах эрхтэй.

4.6. Хэрэглэгч аккаунт болон холбогдох мэдээллээ устгуулах хүсэлтийг Мандуул платформын албан ёсны сувгаар гаргаж болно.

5. ХЭРЭГЛЭГЧИЙН КОНТЕНТ

5.1. Хэрэглэгч Мандуул платформын чат, бүлэг, санал хүсэлт, санал асуулга болон холбогдох функцээр дамжуулан текст, зураг, файл болон бусад мэдээллийг өөрийн хүсэлтээр оруулж болно.

5.2. Хэрэглэгч платформд контент оруулахдаа тухайн мэдээллийг нийтлэх, ашиглах эрхтэй байх бөгөөд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх үүрэгтэй.

5.3. Хэрэглэгчийн нийтэлсэн контентын хууль ёсны байдал болон түүнээс үүдэх хариуцлагыг тухайн хэрэглэгч өөрөө хариуцна.

5.4. Хууль тогтоомж, энэхүү Нөхцөл, Нууцлалын бодлого зөрчсөн, бусдын эрх, ашиг сонирхолд халдсан, эсхүл платформын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн контентыг Үйлчилгээ эрхлэгч нь устгах, хязгаарлах болон холбогдох арга хэмжээ авах эрхтэй.

5.5. Мандуул платформын бүлэг, нийтийн чат, санал асуулга зэрэг функцээр хэрэглэгчийн өөрийн хүсэлтээр нийтэлсэн мэдээлэл нь тухайн функцийн зориулалт, харагдацын тохиргооноос хамааран бусад хэрэглэгчид харагдах боломжтой.

6. СӨХ, КОНТОРЫН ҮЙЛЧИЛГЭЭ

6.1. Мандуул платформ нь СӨХ, контор болон холбогдох үйлчилгээ үзүүлэгчдэд оршин суугчдын мэдээлэл, төлбөр тооцоо, нэхэмжлэл, санал хүсэлт, мэдэгдэл болон бусад үйл ажиллагааг цахим хэлбэрээр удирдах боломжийг олгоно.

6.2. СӨХ болон конторын үйл ажиллагааны талаарх мэдээлэл, нэхэмжлэл, төлбөрийн дүн, үлдэгдэл болон бусад мэдээллийн үнэн зөв байдалд тухайн мэдээллийг оруулсан, хариуцсан байгууллага хариуцна.

6.3. Мандуул платформ нь СӨХ, конторын өмнөөс төлбөрийн хэмжээ тогтоох, нэхэмжлэл үүсгэх үндэслэл гаргах, өр төлбөрийг шийдвэрлэх зэрэг байгууллагын эрх хэмжээний шийдвэрийг өөрөө гаргахгүй.

6.4. Хэрэглэгч СӨХ, конторын үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлт, гомдлоо Мандуул платформын холбогдох функцээр дамжуулан гаргаж болох бөгөөд тухайн асуудлыг шийдвэрлэхэд холбогдох байгууллага хариуцна.

7. ТӨЛБӨР ТООЦОО БА ТҮНШИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

7.1. Мандуул платформоор дамжуулан СӨХ, контор болон бусад үйлчилгээний төлбөрийг цахим хэлбэрээр төлөх боломжтой байж болно.

7.2. Төлбөр тооцоотой холбоотой мэдээлэлд нэхэмжлэл, төлбөрийн дүн, төлөлтийн огноо, төлбөрийн төлөв болон холбогдох гүйлгээний мэдээлэл хамаарна.

7.3. Төлбөрийн үйлчилгээ нь гуравдагч этгээдийн төлбөрийн системээр дамжин хийгдэж байгаа тохиолдолд тухайн төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчийн нөхцөл болон нууцлалын бодлого мөн үйлчилж болно.

7.4. Мандуул платформ нь түнш байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээг платформд нэгтгэсэн байж болно.

7.5. Түнш байгууллагын үйлчилгээг ашиглах үед тухайн байгууллагын үйлчилгээний нөхцөл, нууцлалын бодлого болон бусад холбогдох нөхцөл хэрэглэгчид давхар үйлчилж болно.

7.6. Түнш байгууллагын өөрийн үйлчилгээ, бүтээгдэхүүн, төлбөрийн нөхцөл, чанар, хууль ёсны байдалтай холбоотой асуудлыг тухайн түнш байгууллага хариуцна.

8. ХАРИУЦЛАГА

8.1. Үйлчилгээ эрхлэгч нь өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хэрэглэгчид учруулсан хохиролд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид заасан үндэслэл, хэмжээгээр хариуцлага хүлээнэ.

8.2. Хэрэглэгч Мандуул платформд бүртгүүлэхдээ үнэн зөв мэдээлэл өгөх бөгөөд мэдээлэл өөрчлөгдсөн тохиолдолд боломжтой хэсэгт өөрөө шинэчлэх үүрэгтэй.

8.3. Хэрэглэгчийн буруу, худал, дутуу мэдээлэл оруулснаас үүдсэн үр дагаварт Үйлчилгээ эрхлэгч хуульд заасан үндэслэлээр хариуцлага хүлээхгүй.

8.4. Хэрэглэгч өөрийн үйлдэл, оруулсан контент, бусдад дамжуулсан мэдээлэл болон өөрийн ашигласан үйлчилгээтэй холбоотойгоор бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол холбогдох хариуцлагыг өөрөө хүлээнэ.

8.5. Давагдашгүй хүчин зүйл, байгалийн гамшиг, гал түймэр, үер, газар хөдлөлт, дайн, нийтийн эмх замбараагүй байдал, ажил хаялт, хорио цээр, эрчим хүчний тасалдал, интернэт болон холбооны сүлжээний тасалдал, гуравдагч этгээдийн системийн доголдол, кибер халдлага, системийн хэвийн хүчин чадлаас хэтэрсэн гэнэтийн ачаалал болон Үйлчилгээ эрхлэгчийн боломжит хяналтаас үл хамаарах бусад нөхцөл байдлын улмаас үйлчилгээ түр хугацаанд тасалдах, хязгаарлагдах тохиолдолд Үйлчилгээ эрхлэгч нь хуульд заасан хэмжээнд хариуцлагаас чөлөөлөгдөж болно.

8.6. Үйлчилгээ эрхлэгч нь дээрх нөхцөл байдлын үед үйлчилгээг аль болох богино хугацаанд хэвийн болгох, шаардлагатай арга хэмжээг авахыг зорьно.

9. МАРГААН ШИЙДВЭРЛЭХ

9.1. Мандуул платформын үйлчилгээтэй холбоотойгоор хэрэглэгчээс гаргасан санал, хүсэлт, гомдлыг эхний ээлжид Үйлчилгээ эрхлэгчийн албан ёсны сувгаар хүлээн авч, харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэхийг эрмэлзэнэ.

9.2. Хэрэглэгчийн гомдол, хүсэлттэй холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ холбогдох хууль тогтоомжид заасан хугацаа, журмыг баримтална.

9.3. Талууд харилцан зөвшилцөж шийдвэрлэж чадаагүй маргааныг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллага болон Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.

10. ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧИЙН МЭДЭЭЛЭЛ

Үйлчилгээ эрхлэгч: Goodtech Soft LLC

Платформ: Мандуул

Вэбсайт: manduul.mn

И-мэйл: info@manduul.mn

Утас: 75105500

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 5-р хороолол, 14-р байр, 55 тоот, 14251

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛТЭЙ ХОЛБООТОЙ АСУУЛТ БАЙНА УУ?

Мандуул платформын үйлчилгээ болон энэхүү нөхцөлтэй холбоотой санал, хүсэлт, гомдлоо бидэнд илгээх боломжтой.

info@manduul.mn